Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлж, Тэрүнофүжи Гиношо шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-24 16:56:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр Дайэйшёо /М-1/ түрүүлэх эсэхээ шийдэх барилдаанд Окиноүми /М-5/-г цүкидаши мэхээр унагаж 13 даваа 2 унаатай түрүү бөхөөр анх удаа тодорлоо.

 

Анх удаа түрүүлэн, Японы Эзэн хааны цомыг хүртэж байгаа Дайэйшёо Хаяато 27 настай /1993.11.10/ Сайтама мужийн уугуул юм байна.


Хацү башёгийн сүүлийн өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Котоеко /М-11/-той барилдаж ошидаши мэхээр давж 6 даваа, 9 унаатай башёг дуусгаж байна. Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Оношо /М-3/-д ёритаоши мэхээр унаснаар тэд адилхан 9 даваа, 6 унаатай Хацү башёг дуусгалаа.


Харин Ичиножёо А.Ичинноров, Хокүтофүжи /М-1/-тэй барилдаж, түүнд ошидаши мэхээр унаснаар 9 даваа, 6 унаатай башёг дуусгаж байгаа юм. Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Комүсүби Митакэүмид ошидаши мэхээр ойчиж, 8 даваа, 7 унаатай тэмцээнээ дуусгасан бол Митакэүми 9 даваатай башёг дуусгав.


Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Мэйсей /М-7/-тэй барилдаж, түүнийг сүкүинаге мэхээр хаяж, 11 даваатай Гиношо буюу ур чадвар, уран барилдааны шагнал авах болзлыг хангалаа. Тэр энэ шагналыг 3 дахь удаагаа хүртэж байна. Ийнхүү Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дараагийн башёд 10-аас дээш давбал Озэки цолны болзол хангах юм байна.  


Энэ оны мэргэжлийн сумо бөхийн эхний тэмцээн болох Хацү башёгийн 15 дахь өдөр буюу сүүлийн өдөр Озэки Шодай,  Асанояама нар учраа таарч барилдахад Асанояама ошидаши мэхээр давж тэд адилхан 11 даваа, 4 унаатайгаар Хацү башёг өндөрлүүлэв. Тэд энэ башёд хоёулаа Тэрүнофүжид өвдөг шороодсон юм.

Холбоотой мэдээ