"Монголын түүхэн кино, эх зохиолын тэмдэглэл хөтлөх" нэг сарын аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-22 16:50:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд “Эх түүхийн боловсролыг бүх нийтэд” уриан дор "Монголын түүхэн кино, эх зохиолын тэмдэглэл хөтлөх" нэг сарын аян зохион байгуулж байна.  

Тус аяныг Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулиас зохион байгуулж буй. Ингэхдээ “Түүхийн багш” пэйж хуудсаар дамжуулан оролцогчдын бүтээлийг хүлээн авч, олон нийтэд түгээх аж. 

Оролцогчид Монголын түүхэн роман, кино зохиолуудаас уншиж, номын тэмдэглэлийг тухайн цаг үе, түүхэн эх сурвалжтай нь текст, яриа (подкаст), гар бичмэл хэлбэрээр ирүүлэх боломжтой. Оролцогчдын бүтээлийг “Түүхийн багш” пэйж хуудаст захидал (чат)-аар хүлээн авна. Мөн tuuhiinbagshkhovd@gmail.com цахим хаягаар ирүүлэх юм.   

Аяны үйл ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх тул иргэд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.

Энэхүү аяны удирдамжид яриа (подкаст) шуугиангүй тод бичигдсэн байх, гар бичмэл материалыг Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуульд ирүүлэх, оюуны өмч болон зохиогчийн эрх зөрчилгүй байх зэрэг хэд хэдэн шаардлагыг тусгажээ. 

Салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг эцсийн шалгаруулалтыг тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу хийнэ. Улмаар шилдэг дөрвөн байрыг шалгаруулан урамшуулахаар төлөвлөжээ. 

Тус аяны зорилго нь хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд, иргэдийн түүхийн мэдлэгийг сайжруулах, түүхэн хүмүүсийг түүхэн дүрээр нь мөнхжүүлж, тэдний үйлсээр бахархах, хойч үеийнхэнд хадгалан үлдээх, нийтэд түгээхэд чиглэж буй. 

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн боловсролын салбарынхан цахим орчноор дамжуулан хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхний мэдлэгийг сайжруулах, тэднийг хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. 

 

Холбоотой мэдээ