У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг батлав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-21 19:46:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг батлав.


Тодруулбал, хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд хариуцлага алдсаны улмаас олон нийт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа анх бүрдүүлэхдээ  танхимаараа ажиллана гэж төлөвлөсөн бөгөөд ард түмний үг, шаардлагыг хүлээн авч, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо өнөөдөр мэдээлсэн юм.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байгаа нь Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойших анхны тохиолдол гэдгийг онцлов.


Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайд өөрөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан нь улс төрийн шинэ соёл хэмээв. Мөн хоёр хоногийн өмнө болсон үйл явдал төрийн зарим албан хаагчдын хариуцлага, ёс зүй ямар хэмжээнд байгааг харуулсан явдал боллоо гэлээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Би хариуцлагаас зугтаж байгаагүй. Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг ямар байдалтай авч явсныг би харсан. Энэ бол миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Коронавирустэй тэмцэнэ гэдэг бол хүн болгон хийчих ажил биш юм билээ. 1.5 сая хүн амтай нийслэлийг хорио цээрийн дэглэмд оруулж, 20, 30 мянган хүн амтай аймгийн төвд тэг зогсолт хийнэ гэдэг тийм амар ажил биш. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гардаг юм билээ. Эдийн засгаараа тэргүүлдэг, эмнэлэг нь хөгжсөн улс орон ч үүний өмнө хөл алдаж байгаа. Энэ үеэр хүний эрх зөрчигдөх асуудал ч олон гарч байгаа. Гэхдээ УОК болон энэ ажилд оролцож байгаа хүмүүсийн буруу биш шүү. Цөөн тооны хүний алдаатай ажлаас болж энэ асуудал үүссэн. Монгол Улсад төрийнхөө төлөө зүтгэж байгаа 190 мянган хүний буруу гэж хэлэхгүй. Уулын мод урттай богинотой байдаг шиг улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүн хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь олонх гэж би бодож байна. Цаашдаа төрд ажиллаж байгаа хүмүүс анхан шатандаа алдаа гаргавал Засгийн газрын тэргүүн нь огцордог юм байна гэдгийг ойлгоосой гэж ажиллаж байгаа. Шат шатны албан тушаалтнууд алдаа гаргавал хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гэдгийг сануулж байгаа юм. Түүнээс биш доод шатныхаа албан тушаалтан руугаа хариуцлагаа чихдэг удирдагч байхыг би хүсдэггүй. Миний эхлүүлсэн ажлыг дуусгах хүн их бий. Цар тахалтай тэмцэх, өвөлжилт, хаваржилт гээд олон ажил бий. Тиймээс дараагийн Засгийн газраа шуурхай байгуулах нь энэ парламентын үүрэг. Парламентын гишүүд, сөрөг хүчнийхyээсээ уучлал хүсэж байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувиар дараагийн Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, УЦС-иудын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхийг шахаж ажиллана” гэв.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, “У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ хүлээн авч, шийдвэрээ гаргах гэж байна. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох заалт Үндсэн хуульд бий. Цар тахлаас ард олноо, улс орныхоо эдийн засгийг хамгаалах, гарз хохирол багатай даван туулахын төлөө Засгийн газар, УОК, иргэд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Гэвч зарим төрийн албан хаагч цар тахалтай тэмцэх ажилдаа алдаа гаргаж, явцуу сэтгэлгээнээс болж нялх биетэй эх хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Засгийн газар огцрох үндсэн шалтгаан болж байна. Цар тахлын үед хүн бүр улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр давж, эвийг эрхэмлэх нь чухал байна. Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалах, түүнийг зохион байгуулах нь Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг цохон тэмдэглье. Үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах нь УИХ-ын нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Төрийн ажил нэг ч өдөр алдагдаж болохгүй. Тиймээс Засгийн газраа шуурхай эмхлэн байгуулахад анхаарах ёстой” гэлээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, тогтоолыг батлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрын тэргүүн томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэхийг уг тогтоолоор үүрэг болгож буй юм. Ингээд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ