Энэ онд орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллана

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-01-19 17:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хог зэрэг орчны бохирдолд илүү анхаарч энэ тал руу ажлаа төлөвлөж хийхээр боллоо. Энэ талаар Үндэсний хороо өнөөдөр хийсэн анхны хурлаараа хэлэлцэв. 

Хурлаар өнгөрсөн онд нийслэл Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцор 19 хувиар, PM25 тоосонцор 15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг онцоллоо. “Яндангаа хөөлье” аянаар 18 мянган өрх айлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогын эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч 12 мянган айлын яндан, зуухыг хөөлжээ. Ингэснээр угаарын хийн хордлогын дуудлага 85 хувиар буурчээ. Түүнчлэн Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдад шөнийн цахилгааны тарифыг тэглэж шийдвэрлэснээр агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болж байгааг хурлын үеэр онцоллоо.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, "2021 онд Үндэсний хороо агаарын бохирдол, утаанаас гадна бусад орчны бохирдол болох хөрс, ус, хог хаягдлын талаар чухалчилж, хамтад нь авч үзэх хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах нь манай орны хувьд тулгамдсан асуудал мөн боловч нөгөө талаараа бусад орчны бохирдолд чиглэсэн ажил орхигдох нь алсдаа асар их хор уршигтай. Тиймээс энэ онд орчны бохирдлыг өргөн хүрээнд харж, ажлаа төлөвлөхийг чухалчилж байна” гэв.


Холбоотой мэдээ