Бензин, дизель түлш стандартын шаардлагыг хангаж байна гэж дүгнэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-19 18:29:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран импортын газрын тосны бүтээгдэхүүнүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

Шалгалтад ОХУ-аас шатахуун импортолдог Хазына, Өлгий Ойл, Рысжан, Хөрс автосервис, Тэс Петролиум, Эн Пи петролиум зэрэг компанийн агуулах, ШТС-уудыг хамруулав. А-80, Аи-92, дизелийн түлшнээс нийт дээж авч, “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартуудад нийцэж буй эсэхийг «НИК-Петровис» компанийн шинжилгээний лабораторид шинжлүүллээ.

Бензин, дизель түлшний дээжийг октан болон цетаны тоо, 15°С, 20°С дахь хувийн жин, булингартах хэм, зэс хавтгайн туршилт, ханасан уурын даралт, усанд уусах хүчил, шүлт, механик хольц, өнгө үзүүлэлтээр шинжилгээ хийхэд холбогдох стандартад заасан техникийн шаардлагын үзүүлэлтийг хангаж байна гэж дүгнэлээ.

Холбоотой мэдээ