Зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-01-19 12:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг энэ сарын 17-19-нд өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэв. 

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа. 




ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн тусламжийг Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай, Говь-Алтай аймгийн  53 сумын 1000 өрхөд үзүүлж байгаа юм. Эдгээр өрхийг хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийн сонгож, тусламж үзүүлж буй юм.


Тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрх хамрагдаж, малын тэжээл олгож байна. Зайлшгүй нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай эх мал, сүрэг сэлбэх өсвөр малыг 60 хүртэлх хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйц бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багц орж байна. 




Тусламжид хамрагдах зорилтот бүлгийн малчид малын тооноосоо хамаарч дунджаар 640-905 мянган төгрөгтэй тэнцэх 460-835 кг тэжээлийн тусламж авах юм. Дээрх 6 аймгийн ХХАА-н газрууд Улаанбаатар хотоос тэжээлийг татан авах, зорилтот бүлгийн малчинд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Богд суманд ажиллаж байна.



Холбоотой мэдээ