МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ-"Монголчуудын бослого"

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2021-01-19 09:24:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан мэдээний агентлаг МОНЦАМЭ “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас “МОНТА мэдээлэв” гэсэн эх сурвалжтайгаар тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу цацсан юм. Монгол ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай энэхүү мэдээг 1921 оны 3 дугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА уламжилснаар Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг тунхаглажээ.


1921 оны Ардын хувьсгалын ялалтын мэдээг

“РОСТА” агентлагаар дамжуулан дэлхий дахинд мэдээлсэн И.Г.Демко.


Жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын зөвлөх-сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн И.Г.Демко “Монголчуудын бослого” мэдээг бичиж, дамжуулсан байна. И.Г.Демко хожим дурсахдаа, Би 1921 оны 3 дугаар сард Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, Монголын цахилгаан мэдээний агентлаг /МОНТА буюу Монгольская Телеграфная Агенство/-ийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Төв хороо, Монгол ардын хувьсгалт түр засгийн газар монголын газар нутгийн тэр хэсгийг өөрийн мэдэлд чөлөөлөн авсны дараа Монголын цахилгаан мэдээний газрын эрхлэгчийн хувьд Москва руу РОСТА агентлагийн нэр дээр Монголын газар нутаг дээр Ардын хувьсгалт түр засгийн газар тогтоосон тухай мэдээг явуулсан хэмээжээ.

МОНЦАМЭ агентлагаас “Монголчуудын бослого” мэдээ бүхий дурсгалын гэрэлт самбарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд 2010 онд байрлуулсан юм.



МОНТА анхны мэдээгээ түгээсэн байр. Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум.


РОСТА-аар дамжин дэлхийд түгсэн “Монголчуудын бослого”

ЧИТА. 1921 оны 3 дугаар сарын 23 /Дальта/. Троицкосавск /Дээд шивээ/-аас авсан мэдээнээс үзвэл Унгерн, Комаровский нарын удирдсан хэрмэл дээрэмчин бүлэг цагаантан хийгээд санаа сэтгэлээр бүрэн дампууран унасан хятадын цэргийн эрхтний аллага, таллагад нэрвэгдсэн монголчууд тэмцэн босч Маймаа /Хиагт/ суурин болон түүний ойролцоох газруудыг байлдан эзлээд Монгол ардын засгийн газрыг зарлан тунхаглав.

Дэлхийн империалистуудын түрэмгий ашиг сонирхлыг илэрхийлсэн Оросын цагаантны балмад бодлогын эсрэг Монголын засгийн газар шийдвэртэй тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалан нутаг дэвсгэртээ аж төрөн суугаа энгийн номхон орос, хятад, монгол иргэдийн энх амгалан байдлыг аль болохоор хамгаалах зорилт тавьж байна. Маймаа /Хиагт/-д гарсан улаан монголчуудын бослого нь монголын хүн амын бүх давхаргыг хамарч ойролцоох хошуудад амжилттай дэлгэрч байна гэж хилийн районоос МОНТА агентлаг мэдээллээ. РОСТА



Монгол Ардын Түр Засгийн Газрын төлөөлөгчид Зөвлөлт Орос Улсын хувьсгалчдын хамт. Ар Хиагт (Дээд Шивээ) буюу Троицкосавск (өнөөгийн Хиагт буюу Кяхта) хотноо. 1921.III.19.
Зураг баруун гар талаас: 1. Дарьзавын Лосол, 2. П.И.Литвинцов, 3. Дамдины Сүхбаатар, 4. Догсомын Бодоо, 5. Сергей Степанович Борисов,
Арын эгнээ баруун гар талаас:1. Рыбин, 2. Ц.Баламцоо буюу Баламсуу (Ванчиков), Цэдэн-Иш, 
Г.И.Демко, Дашпилон нар. 


Холбоотой мэдээ