9 сумын 270 өрхөд тусламж үзүүлж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-18 19:38:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын 30 малчин өрхөд тус бүрт 400 мянган төгрөгийн тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өглөө.

Өмнөговь аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч, малчин өрхүүд өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад бэрхшээлтэй болоод байгаа юм. Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд "Энэ жил цаг хүнд байгаа учраас малчиддаа боломжийнхоо хэрээр тусламж хүргэж байгаа. Ирсэн өвс, тэжээлийг хуваарилж, хямдралтайгаар олгож байна. Жилийн эцсийн малын тоогоор бүр өрхөд 30 мянган төгрөгийн хүнсний тусламж хүргэсэн" гэлээ.

Дээрх байгууллагуудаас зудын нэн өндөр эрсдэлтэй аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 30 малчин өрхөд 240,000 төгрөгийг бэлэн, 160,000 төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг олгов.

Өмнөговь аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Л.Энхжаргал "Өмнөговь аймгийн 9 сумын 270 өрх буюу нэг сумын 30 өрхөд энэхүү тусламжийг үзүүлж байна. Үүнийгээ дагалдуулан малын эрдэс тэжээлийн багцыг хэрхэн хэрэглэх заавар, "Ковид-19" халдвараас урьчилан сэргийлэх зөвлөмж, 2021 оны хуанли өгч байна" гэлээ.

Холбоотой мэдээ