Ерөнхийлөгчийн тухай хуулийг ЗГХЭГ боловсруулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-19 11:31:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэв.


Байнгын хорооны дарга С.Бямбацогт тогтоолын төслийн ажлын багийн танилцуулгыг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг төслийн хавсралтад нэмж тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, 2 хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулсан байна. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ажлын баг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэв.


Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолыг батлав. Тус ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллана.

Холбоотой мэдээ