Малын тэжээлийн үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-15 16:04:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 3 сая 300 орчим мянган толгой мал өвөлжиж байна. Одоогоор нийт нутагт цас бага, цаг агаарын нөхцөл байдал хэвийн буй.

Гэхдээ коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа түр хугацаанд хязгаарлагдмал байгаа тул Улаанбаатар хотоос Ховд аймагт тээвэрлэн ирж, төв зах дээр худалдаж буй малын тэжээлийн үнэ өндөр байна.

Тодруулбал, 40 кг хорголжин тэжээл 45-48 мянга, 25 кг хивгэн тэжээл 24-25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тиймээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Монгол Улсын Засгийн газар, салбарын яаманд тээврийн хөлсийг хямдруулж өгөх хүсэлт уламжилжээ. Ховд аймаг нь алслагдсан бүс буюу Улаанбаатар хотоос 1580 км зайд оршдог. Иймд тээврийн хөлс, бусад зардлаас шалтгаалан ачаа, бараа бүтээгдэхүүний үнэ ханшид тодорхой зөрүү үүсдэг аж.

Холбоотой мэдээ