Ж.Байдены тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 10:23:21

ВАШИНГТОН. /TASS/. Дахин жагсаал цуглаан болж магадгүй байгаатай холбогдуулан нийтийн хэв журмыг сахиулахын тулд шаардлагатай бүхий л нөөц боломжоо ашиглахыг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп холбооны байгууллагуудад үүрэг болгожээ.


“Ойрын өдрүүдэд Вашингтонд төдийгүй орон даяар дахин жагсаал цуглаан болох гэж байгаа талаар мэдээллүүд гарсан. Дахин ямар ч хүчирхийлэл, хууль дүрэм зөрчсөн явдал, эвдэн сүйтгэх ажиллагаа болох ёсгүй гэдгийг би онцлон тэмдэглэж байна” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна. 


“Америкийн иргэн бүр дуу хоолойгоо хүргэх эрхтэй бөгөөд үүнийгээ хүндэтгэлтэй, тайван замаар илэрхийлэх ёстой. Хэв журам сахиулахын тулд бүх нөөц боломжоо ашиглахыг би холбооны байгууллагууд үүрэг болгосон. Бүх хүн хуулиа биелүүлж, хууль сахиулах байгууллагуудын заавар журмыг дагах ёстой” гэж тэрбээр мөн мэдэгджээ. 


Тангараг өргөх ёслолын аюулгүй байдал

АНУ-ын одоогийн засаг захиргаа Жозеф Байдены тангараг өргөх ёслолыг аюулгүй явуулахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэмээн Д.Трамп мэдэгдэв.


“Хотын аюулгүй байдлыг хангах, эрх мэдлийг эрсдэлгүй, хэрэг төвөггүйгээр шилжүүлэхээ бататгахын тулд бид Вашингтон, Колумб тойрог орчимд Үндэсний гвардын хэдэн мянган цэргийг оруулна” хэмээн тэрбээр хэлжээ.


Түүний мэдэгдлийг Цагаан ордны “Twitter” хуудаст нийтэлсэн байна. 


Ж.Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 1 дүгээр сарын 20-нд Вашингтон дахь Капитолд болох юм.  

Холбоотой мэдээ