Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампт импичмент зарлахыг дэмжлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-14 09:42:51

ВАШИНГТОН. /TASS/. Лхагва гаргийн орой Конгресс дахь Ардчилсан намын гишүүд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх байгаа Ерөнхийлөгчийг аль болох хурдан огцруулах амлалтаа биелүүллээ. 


Төлөөлөгчдийн танхим хэдхэн цагийн дотор Ерөнхийлөгч Трампыг буруутгасан цорын ганц зүйл заалт бүхий тогтоолыг хэлэлцэн баталж, түүнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж мэдэгдэв.


Хууль тогтоогчдын 232 нь уг баримт бичгийг дэмжиж, 197 нь эсэргүүцжээ.


Ийнхүү Дональд Трамп хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулж шүүхэд татах асуудалд /импичмент/хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байна. Ардчилсан намынхан түүнийг огцруулах анхны оролдлогыг 2019 онд хийсэн билээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхим импичмент зарлахыг дэмжсэн санал өгсөн боловч Бүгд найрамдах намын хяналтад байдаг Сенатын танхим 2020 оны эхээр Төлөөлөгчдийн танхимын баталсан хоёр үндэслэлээр хоёулангаар нь төрийн тэргүүнийг цагаатгасан юм.


Энэхүү санаачилгыг Ардчилсан намын гишүүн Дэвид Сисилинигийн (Род Айланд муж улсаас сонгогдсон) өмнөөс Төлөөлөгчдийн танхимд даваа гарагт өргөн барьжээ. Тогтоолыг санаачлагчид Трампыг  "ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөн" гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийн 3-р хэсгийг түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэлүүдийн нэг гэж үзэж байна. Энэ хэсэгт өмнө нь тангараг өргөж, дараа нь бослогод оролцож байсан албан тушаалтнуудыг төрийн алба хашиж, Конгресст сонгогдохыг хориглодог аж. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг Америкийн иргэний дайны дараахан (1861-1865) баталсан бөгөөд Сэргээн босголтын үеэр Холбоотны удирдагчдыг төрийн алба хашихаас урьдчилан сэргийлэх зорилготой байжээ. Ардчилсан намынхны санаачилгад мөн Трампыг цаашид төрийн албан тушаалуудыг хашихыг хориглох уриалга багтжээ.


Нэгдүгээр сарын 6-нд буюу Конгрессын ордны дэргэд эмх замбараагүй байдал үүссэн өдөр Трампын дэмжигчдэдээ хэлсэн үгнээс болж импичментийн ажиллагааг эхлүүлсэн юм. Ардчилсан намынхны үзэж байгаагаар, чухам Цагаан ордны тэргүүнийг үг хэлсний дараа жагсагчид Капитолын зүг хөдөлж, 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуулийн дүнг батлахад саад болохын тулд Конгрессын ордон руу дайрч эхэлжээ. Трамп өөрийн дэмжигчдийг "АНУ-ын эрх баригчдын эсрэг хүчирхийлэлд санаатайгаар турхирсан” бөгөөд үүгээрээ "хэрэв түүнийг албан тушаалд нь үлдээвэл үндэсний аюулгүй байдал, ардчилал, Үндсэн хуульд аюул учруулна гэдгээ харуулсан" гэж тогтоолыг санаачлагчид мэдэгдсэн байна.


Одоо уг тогтоолыг Сенатын танхимаар хэлэлцүүлэх ёстой бөгөөд уг процедур шүүх хуралдаан болж хувирна. Гэсэн хэдий ч Сенатын танхим Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө ямар ч тохиолдолд тогтоолыг баталж амжихгүй бололтой. Хууль тогтоох дээд байгууллагын дээд танхимын ажлын хуваариас үзвэл, Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа л энэ асуудлыг хэлэлцэх юм.



Холбоотой мэдээ