Иран байлдааны шинэ хөлөг онгоц танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-13 15:53:51

ТЕХРАН. /IRNA/. Мягмар гарагт Иран улс байлдааны хоёр шинэ хөлөг онгоц танилцууллаа.


Шинэ хөлөг онгоцуудын эхнийх нь Ираны Тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоцонд тооцогдож буй нисдэг тэрэг тээгч "Макран" хөлөг онгоц юм. Тус улсын зүүн хэсэгт орших газар нутгийн нэрээр нэрлэсэн энэхүү хөлөг нь далайн эргийн алслагдсан бүс, голчлон Энэтхэгийн далайн хойд хэсэг, Баб-аль-Мандебын хоолой болон Улаан тэнгис дэх Тэнгисийн цэргийн хүчний үйл ажиллагааг дэмжих зорилготой дэвшилтэт хөвөгч бааз юм. "Макран" нь зургаан нисдэг тэрэг, хурдны завиуд, тэнгисийн цэргийн тусгай хүчнийг тээх чадалтай байна.


Хоёр дахь хөлөг онгоц нь "Зерех" ("Хуяг") пуужинт корвет юм. Уг хоёр хөлөг онгоцыг Ираны Тэнгисийн цэргийн хүчин лхагва гарагт зэвсэглэлдээ албан ёсоор хүлээж авсан бөгөөд Оманы буланд эхэлж буй “Эктедар” (“Хүч чадал”) сургуулилалтад оролцуулах аж. Ийм ангиллын өөр хөлөг онгоцуудыг ойрын жилүүдэд зэвсэглэлдээ хүлээж авна гэж Ираны Тэнгисийн цэргийн хүчний контр-адмирал Хосейн Ханзадигийн мэдэгджээ.


Цэргийн сургуулийг Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, хошууч генерал Мохаммад Хосейн Багери, Ираны армийн командлагч хошууч генерал Абдолрахим Мусави нар удирдан явуулна.


Холбоотой мэдээ