АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл илэрхийлэв

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-12 18:25:42

Увс /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан үе үеийн Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад буурлуудыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахад Увс аймгаас 21 хүн АИХ-ын депутатаар оролцож байжээ. Тэдгээрээс өдгөө Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, Давст сумын Алдар нэгдлийн дарга асан П.Бямбажав, Ховд сумын АХШ хорооны дарга асан Ш.Бороодой, Малчин сумын Малчин нэгдлийн дарга асан Р.Батсүх нар Увс нутагтаа энх тунх ажиллаж, амьдарч байна.

Монгол Улс тусгаар, бүрэн эрхт гэдгийн илрэл болсон Үндсэн хуулиа баталсан өдрийг монгол хүн бүр анхааран, Үндсэн хуулиа дээдлэн сахин хүндэтгэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг танин мэдэж байх нь туйлын чухал юм гэдгийг депутатууд уулзалтын үеэр онцолж байсан юм.

Холбоотой мэдээ