Халдвар хамгааллын цэвэрлэгээг өнөөдрөөс хийхийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-01-10 11:54:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу нэгдүгээр сарын 11-нээс Улаанбаатар хотод Бэлэн байдлын хөл хорионы зэргийг бууруулж өндөржүүлсэн байдалд шилжихтэй холбогдуулан хөл хөдөлгөөн ихэснэ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл албан байгууллага, үйлчилгээний газруудыг эхний ээлжинд өнөөдрөөс их цэвэрлэгээ хийж бэлтгэл хангахыг зөвлөв. Үүнд цонх саваа онгойлон агаар оруулж, ширээ, сандал, эд зүйлийг “Белизна” зэрэг цэвэрлэх бодис, уусмалаар арчиж цэвэрлэхийг зөвлөлөө.


Мөн ажилтан ажилчдын 30 хувь ажил дээрээ ирж, 70 хувь нь цахимаар ажиллах нөхцөл боломжийг ханган ажиллах шаардлага байгааг хэллээ.

Ажилчид нэг зэрэг бөөнөөр ирж ажиллах нь халдварыг цааш тархаах эрсдэлтэйг санууллаа. Учир нь нийслэлд гарч буй халдварын тархалт нь нэг хамт олны хүрээнд өндөр байгааг анхааруулсан юм.


Албан байгууллагууд өнөөдрөөс эхлэн цэвэрлэгээ хийж бэлэн байдлыг хангахыг зөвлөв


Үйлчилгээний газрууд ширээ, сандал, байрнаас эхлээд үйлчилгээний талбайг нэг хүнд 4 ам дөрвөлжин м газар байхаар зохицуулна.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мөн, “Нийслэлд коронавируст халдварын батлагдсан 10 голомт илэрч бүртгэгдсэнээс 6 нь харьцангуй намжиж, 3-4 нь идэвхтэй байгаа”-г мэдээлэв. Тэрээр, “Бид хөл хорионы дэглэмийг 90-100 хувь сайн сахиж  чадсангүй, 70-80 хувьтай байснаар Улаанбаатар хотод халдварын өвчлөл голомтлон гарч байна үзэж болохоор байна” гэв. 

Холбоотой мэдээ