УУХҮ-ийн сайд “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-08 17:04:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзав.


Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианит натри агуулсан уусмал асгарсан осол өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан. Иймд тус компанийн үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоож, натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм.


Уулзалтын үеэр “Баян Айраг  Эксплорэйшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ю.Энхтүвшин, төсөл  хариуцсан  захирал О.Хулан нар Баян-Айрагийн алтны уурхайн үйл ажиллагаа, улс, орон нутагт үзүүлж байгаа нөлөө, ач холбогдол болон уурхайд цианид натрийн сулруулсан уусмал алдагдсан тохиолдлууд, тухай бүрт нь компаниас хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэв.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон албаны бусад хүнс “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийг илүү хариуцлагатай байх, УОК, МХЕГ-аас  томилогдсон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цаашид ийм тохиолдол, осол гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Мөн тус компаниас удаа дараа ийм осол гарч байгаа нь тухайн компаний цаашдын үйл ажиллагаа болон бусад компанийн алтны үндсэн ордын ашиглалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцлов.

Холбоотой мэдээ