Буриадад эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-08 13:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад "COVID-19" халдварын тохиолдол 148 хүнээр нэмэгдэж нийт 26.963 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 88-аар нэмэгдэж, тус хотод нийт батлагдсан тохиолдол 14.482 хүн болов. 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 177 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний нийт тоо 24.232 болов. Харин 4 хүн эндэж, нас барсан хүний нийт тоо 610 болов. 

Буриад улсад ОХУ-ын 4 бүсээс ирж буй иргэдээс "COVID-19" халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээг заавал авах тогтоолыг Буриад улсын Засгийн газраас гаргаад байна. 

Бүгд найрамдах улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах, "COVID-19" халдварын тохиолдлыг бүс нутагт нэмэгдүүлэхгүй байх үүднээс авч буй энэ ажиллагаа 1 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Тодруулбал, Москва, Новосибирск, Красноярск, Хабаровскийн районоос нисэх онгоц болон газраар Буриад улсад ирж буй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахаар заажээ. Ингэхдээ лабораторийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх аж.

Харин ОХУ-ын Засгийн газраас бүс нутгуудад хүргэсэн 1.5 сая тун вакцинд Буриадын эмч, эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд хамрагдаад байна. 


Холбоотой мэдээ