Бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг Бан Ги Мүн уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-03 12:50:54

НҮБ. /Prensa Latina/. Зөрчил мөргөлдөөн дэгдсэн бүс нутгуудад бэлгийн хүчирхийлэл газар авч байгаа явдалтай шийдвэртэй тэмцэж, хариу арга хэмжээ авна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдлээ.

15 гишүүнтэй тус зөвлөлөөс уг асуудлаар зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон НҮБ-ын тэргүүн үг хэлэхдээ “хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд ахиц гарч байгаа боловч мянга мянган эмэгтэйчүүд, залуус болон хүүхдүүд дайн тулалдаан болон хямралын улмаас зовж зүдэрсээр байна” гэсэн байна.

“Бид өнөө хэр нь томоохон сорилттой тулгарсаар байна. Мөргөлдөөнтэй бүсүүд дэх бэлгийн хүчирхийллийн талаарх хамгийн сүүлд авсан тайлан мэдээнд дурдсан 19 асуудал сэтгэл ихээр зовоож байна” гэж тэрбээр анхаарууллаа.

Хэт давруу үзэл болон терроризм оргил үедээ хүрснээр хүчингийн хэрэг, бэлгийн мөлжлөг, хүчээр гэрлүүлэх явдал, биеэ үнэлэлт, хүсээгүй жирэмслэлт болон үр хөндөлт нэмэгдсэнийг Бан Ги Мүн онцлон тэмдэглэжээ. Ийм хэргүүдийг үйлдэж буй гол эзэд бол  “Лалын улс”, “Боко Харам”, “Аль-Шабааб” зэрэг террорист бүлэглэлийнхэн аж.

Бэлгийн хүчирхийлэл бол бүхэл бүтэн газар орны хүмүүсийг хяналтдаа байлгах, айлган сүрдүүлэх зорилго бүхий “урьдаас тооцоолсон стратеги” мөн гэж НҮБ-ын тэргүүн тодорхойллоо.

Ийм хүчирхийлэл нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй аюулуудын нэг гэдэг нь эргэлзээгүй бөгөөд үүнтэй тэмцэх явдлыг нэн тэргүүнд тавихыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан Бан Ги Мүн уриалсан байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ