Онцгой байдлын салбарынхан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-07 19:10:17

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт өнөөдөр тус байгууллагын салбар, нэгжийн дарга, мэргэжилтнүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх, Онцгой байдлын байгууллагын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгож,  ажлын амжилт хүссэн юм.  

Онцгой байдлын байгууллагаас 2021 онд албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар, ашиглалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилт дэвшүүлсэн аж.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн аймгийн Онцгой байдлын газар нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант суманд анги, салбар нэгжтэй. Нийт 200 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 

Ховд аймгийн хэмжээнд 2020 онд усны осол, хүчтэй шороон шуурга, эрэн хайх аврах ажиллагаа, тарваган тахал зэрэг нийт 92 удаагийн аюулт үзэгдэл тохиолджээ. Улмаар Онцгой байдлын газрын алба хаагчид тухай бүрт шуурхай ажиллаж, 61 хүний амь, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 онд 47 удаа хуралдаж, гамшиг ослын тохиолдлууд болон коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлэх ажлын тухай 389 асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд 39 тогтоол, 25 шийдвэр, аймгийн Засаг даргын 45 захирамж, Онцгой байдлын даргын 46 тушаал, гурван албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Тус байгууллага нь 2019 онд “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан. Тэгвэл 2020 оноос үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж буй. 

Холбоотой мэдээ