88 настай буурал монгол бичиг сурч байна

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2021-01-06 18:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Х.Сэндсүрэн гуай монгол бичгийг анхлан сурч байгаа нэгэн. Одоо тэрбээр  88 нас хүрч байгаа ч “Хүн насан туршдаа суралцдаг юм аа, хө” гээд бие даан сурч байна. Түүнтэй ярилцлаа.


- Шинэ оны мэнд, өвөлжөө тавлаг уу?

- Шинэ оны мэнд, Булганд сайхан байна аа. Оройдоо жаахан жиндүү л байна.


- Танай аймгийнхан хөл хорионы дэглэмийг хэр зэрэг мөрдөж байна?

- Их сайн мөрдөж байгаа шүү. Ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж байна. Утас, шөрмөсөөрөө яриад л ажил, үүргээ гүйцэтгэж байх шиг байна даа. Зайлшгүй ажилтай хүмүүс ажилдаа явж байгаа. Булганд бол тайван байна. Гэхдээ өнөөдрөөс нэг хүний сураг дуулдаад байх юм. Бүрэгхангай сумын хүн гэв үү дээ. Үнэн юм уу, худлаа юм уу мэдэхгүй.


-Монгол бичиг сурч байгаа гэв үү. Хичээл хэр ахицтай байна даа?

-  Хэ хэ, яахав хийж байна. Хичээж л байна даа. Ерөнхийлөгчийнхөө зааж байгаа хичээлийг үзэж байгаа. Нэлээн хэдэн хоногийн өмнө телевиз хараад сууж байсан чинь Ерөнхийлөгч хичээл зааж байх юм.  Дараа нь дахиад нэг харсан чинь хичээл заагаад байхаар нь  үүнийг чинь сурч болохгүй юм юу байх вэ, сурчихъя гэж бодсон. Тэгээд л оролдож суугаа маань энэ.


- Одоо ямар үсэг үзэж байгаа вэ?

- “Ма” “Ла” “Га” “Ха” өчигдөр “Ба”, “Фа” хоёр үсэг үзсэн. Бас зурлагуудаа үзсэн.


-Та монгол бичгийг анх удаа үзэж байна уу?

- Би бол арван жилд суугаагүй. Дээр үед 1947 онд “Балын бүлгэм” гэдгээр шинэ үсэг сурч байлаа. Тэгээд бага сургууль төгссөн. Техникум төгсөөд, дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Ерөөсөө энэ хуучин бичгийг үзээгүй ээ. Кириллээр л бичиг үсэгт тайлагдсан.


- Тухайн үед заадаггүй байсан хэрэг үү?

- Энэ хичээлийг заадаг хүн цөөхөн байсан. Монгол бичгийг хуучирсан үсэг гэж байсан байх аа даа. Тиймээс амьтан үздэггүй байсан цаг. Голдуу л кирилл үсгээр ойр зуурынхаа захиаг солилцдог байлаа.


- Та ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт суусан бэ?

- Би  малзүйч мэргэжилтэй. Хуучнаар бол зоотехникч. 1965 онд Хөдөө аж ахуйн дээд  сургууль төгссөнөөс хойш  аймгийн төв хороонд 8 жил ажилласан. Дараа нь аймгийн захиргаанд бас найман жил ажилласан. Тэгээд сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Одоо би 88 нас хүрээд зургаа хонож байна. Аймаг, суманд хаа ч бүрэн дунд сургуультай. Хүмүүс радио, телевизээр шинэ зүйлийг сурах боломжтой болжээ. Энэ монгол бичгийн хичээлийг сурахын хажуугаар энэ хэдэн  хүүхдүүддээ бас монгол бичиг зааж байна.


- Та хэчнээн ач, зээтэй вэ?

- Надад 30-аад ач, зээ бий. Хоёр ач маань өмнөд хөршид сурдаг. Хуучин бичгийг сурч эхэлж байх шиг байна. Манай гэрээс 4 хүүхэд маань сурч байна даа. Миний гурван хүүхэд багш мэргэжилтэй. Энэ нь бас надад нөлөөлөөд, дэргэд нь  зүгээр сууж болохгүй болоод байна /инээв/.


-Та их сайхан насалж байна. Амьдралын зөв дадал хэвшилтэй тань холбоотой юу?

- Би өөрийгөө муугүй зохион байгуулаад байдаг хүн дээ. Өөрийнхөө эрүүл мэндэд их анхаардаг. Би бүх насаараа  тамхи татаж үзээгүй. 1980 оноос хойш архи уугаагүй. Одоо бол архийг би мэдэхгүй хүн. Ном уншина аа бас. Хүүхдүүдээрээ ном сураглуулаад уншчихна. Энэ хөл хорионы үед үр хүүхдүүдтэйгээ наргиад л байж байна. Гэр орон гал түлээтэй сайхан л байна. Яарсан тэвдсэн ажилгүй ч, зүгээр суугаад байж болохгүй. Гэр орноо цэвэрлээд, галаа түлээд, хүүхдүүддээ туслаад монгол бичгээ сураад л байж байна даа.


- Өдөрт хэдэн цаг хичээллэж байна?

- Цаг орчим, эсхүл хоёр цаг сууж байна.


- Сурахад хэцүү юу?

- Хэцүүгүй ээ. Энэ чинь монгол хэл шүү дээ. Ер нь хичээл чармайлт л хэрэгтэй. Орон гаран сураад, түүнийгээ мартчихаад байвал хэцүү. Харин байнга оролдоод байвал хэцүү юм байхгүй юм байна. 2025 он гэхэд улс орон даяар монгол бичгээ хэрэглэдэг болно гэсэн. Манай аймагт монгол бичгийн аян зарлаад дөрөв, тав хонож байна. Төрийн албаны хүмүүс сурах шаардлага тавиад байгаа юм билээ.


Монгол хүн болсон хойно монгол бичгээ сурах ёстой гэж бодож байна. Энэ бас арай орой эхэлж байгаа юм аа. 2000 оноос хойш л бид бүгдээрээ л монгол бичигтэн болчихсон байх ёстой байсан юм. Би ч сүүлд ухаарсан хүн. За, бараг арав хоногийн өмнө л ухаарсан хэрэг шүү дээ /инээв/. Хүмүүст энэ талаар ойлгуулж ярихад дэмжих хүн олон байна шүү. 

Холбоотой мэдээ