Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн гурван иргэнийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-05 16:59:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ сарын 1-3-ны хооронд түргэвчилсэн тестээр 573, PCR-аар 370 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Тусгаарлах байранд 9, гэрийн ажиглалтад 86 иргэн байна. Тусгаарлах байранд байгаа 9 иргэн Улаанбаатар хотод “Мөнххада” ХХК-аар үйлчлүүлсэн иргэний ойрын болон дам хавьтал юм. Улаанбаатар хотод эмнэлгийн байгууллагуудад халдвар илэрч байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд тандалт шинжилгээ хийж эхэлжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу хэлэхдээ, “Шинэ жилийн баярын үеэр 11 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, гэрийн ажиглалтад байх ёстой байсан 3 иргэн гадуур зорчсон тул тус бүрийг 500 мянган төгрөгөөр торгож, Засаг даргын захирамж зөрчсөн хүнсний 3 дэлгүүр, нэг караокений үйл  ажиллагааг зогсоосон” гэлээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Шуурхай штабын дарга Г.Ганбаатар хэлэхдээ, “Шинэ жилийн үеэр Орхон аймагт 276 тээврийн хэрэгслээр 492 иргэн орж ирсэн бол аймгаас 254 тээврийн хэрэгслээр 445 иргэн гарсан. Мөн 139 тээврийн хэрэгслээр 217 иргэн дамжин өнгөрсөн. Энэ сарын 1-3-ны гуравны хооронд нэвтрэх зөвшөөрөлгүй 39 тээврийн хэрэгслийг илрүүлж бичиг баримтыг нь хураан авсан. Орхон аймагт ирэх болон гарахдаа заавал PCR шинжилгээ өгөх ёстой. Гэтэл иргэд шинжилгээний бичиггүй болон зөвшөөрөлгүйгээр нэвтрэх оролдлого хийвэл шууд буцаана гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

 

 

Холбоотой мэдээ