Монгол өвөгт тогоруу 4032 км нисэж дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-31 17:23:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх, хүйтний хөндийд бойжсон  өвөгт тогоруу 4032 км зам туулан Энэтхэгийн Хичан сууринд хүрснийг Энэтхэгийн судлаачид Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд мэдээлжээ.

Энэ талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач С.Түвшинтөгсөөс тодрууллаа.


-Энэтхэг хүрсэн тогорууны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Хурх, хүйтний хөндийд үржсэн өвөгт тогорууны нэг хосын 2 дэгдээхэйг энэ оны 7 дугаар сарын 25-нд H54, H55 тэмдэгт бөгж зүүсний нэг нь Энэтхэгт хүрсэн мэдээлэл ирсэн. Тогорууны 15 зүйл дотроос хамгийн давжаа нь буюу өвөгт тогорууны хамгийн хол нүүдэллэн ниссэн дээд амжилт нь 3500 км байсныг Монголын тогоруу 4032 км болгон ахиулсан. Гэхдээ энэ мэдээллийг энэтхэг судлаач зөвхөн бөгжний мэдээлэл дээр үндэслэн гаргасан.



-Тогоруу хэр хугацааг туулж өвөлжих газраа хүрдэг онцлогтой шувуу вэ?

Өвөгт тогоруу дунджаар 50 хоногийг туулж, Хималайн нурууг  5-7 мянган метрийн өндрөөр давж, өвөлжих газраа хүрдэг. Хол зам, хүнд нөхцөлийг туулан нүүдэл хийдэг гайхамшигтай шувуу.


-Тогорууны судалгааг ер нь хэрхэн явуулж байна вэ?

Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв Хурх, хүйтний хөндийд тогорууны үржлийн мониторинг судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Өвөг тогорууны судалгааг 2015 оноос эхэлсэн. Өвөлжих газраасаа 4 дүгээр сарын сүүлээр ирж өндөглөх үеэр бид үржлийн хосыг бүртгэдэг. Хэчнээн хос үүрлэсэн, хос бүр хэдэн өндөг гаргасан гэх мэт үржлийн амжилтыг үнэлэхэд тохиромжтой арга зүйн дагуу судалгааны мэдээ, өгөгдлийг эхний ээлжинд цуглуулдаг.

Өндөг гарснаас хойш дунджаар 28 хоногийн дараа дэгдээхэй гардаг. Энэ үед үүр болгоныг шалгаж хос бүрийн өндөгнөөс амжилттай бойжсон дэгдээхэйнүүдийг бүртгэнэ. Үүний дараа дэгдээхэйнүүдийг томорч нисэхээс нь өмнө барьж хэмжилт хийн, хамгийн багадаа 45-аас дээш хоногтой дэгдээхэйд дугаар бүхий пластик, ногоон бөгж зүүдэг. Бөгж зүүснээр бид нүүдэл, шилжилт хөдөлгөөн, эсэн мэнд үлдсэн гэх мэт судалгааны олон чухал мэдээллийг авах боломж бүрддэг.


-Монголд хэчнээн зүйлийн тогоруу байдаг вэ?

Дэлхийд 15 зүйлийн тогоруу байдгаас Монголд долоон зүйл нь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх хүйтний хөндийд өвөгт тогоруу, цэн тогоруу, хархираа тогоруунууд үржиж, алаг тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу ирж зусдаг. Ийм ч үүднээс бид Хурх, хүйтний хөндийг Монгол орны тогорууны нийслэл гэж нэрлэдэг.


-Тогорууны тархац нутаг, тоо толгойн талаар мэдээлэл өгнө үү?

-Манай орны өвөгт тогорууны популяцын мэдээлэл дутмаг ч бусад зургаан зүйлтэй харьцуулахад монгол оронд хамгийн их тоогоор, тал, ойт хээр, говь гээд бүх нутгаар өргөн тархсан байдаг. Хэнтий аймгийн Хурх, хүйтний хөндийд хамгийн өндөр нягтаршилтайгаар хуран цуглаж, үрждэг тул судалгаа хийхэд маш тохиромжтой. Энд жилд дунджаар 120 хос тогоруу тогтмол өндөглөдөг.


 


Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурхын хөндийн Хулст толгойд "Шувуу болоод ус намгархаг газрын мониторинг судалгааны суурин"-г 2013 онд байгуулж, судалгаа, хамгааллын олон төслийг амжилттай хэрэгжүүлж байна.


Энд жил бүр жижиг шувуудыг бөгжлөх, 5-9 дүгээр сард цэн тогоруу, хонин тоодог, хошуу галуу, өвөгт тогоруу зэрэг ховор шувуудын үржлийн мониторинг, нүүдэл хөдлөл зүйн судалгаа болон, ус намгархаг газрын цогц судалгааны ажлыг гүйцэтгэдэг юм

Холбоотой мэдээ