Оросын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-31 16:03:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газраас ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран Оросын улсын “Приоритет” хуулийн фирмийн төлөөлөгч нартай цахим уулзалт зохион байгуулав.


Энэ сарын 25-нд болсон уг уулзалтаар Монголын аж ахуйн нэгж, компаниуд Оросын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох, төлөөлөгчийн газар байгуулах талаар санал солилцсон юм. Уулзалтад ОХУ-ын “Приоритет” хуулийн компанийн хуульчид, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгч, Москва дахь ЭСЯ-ны төлөөлөгч, ОХУ-ын Кызыл, Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын төлөөлөгч, “Эрдэнэт хивс” ХХК-ийн Захирал О.Мөнхцацрал, “Туушин” ХХК-ийн захирал Н.Зоригт, “Говь” ХК-ийн цахим худалдаа хариуцсан захирал Б.Мөнх-Оргил, “Янмал” ХХК-ийн захирал Л.Хулан, “Дархан Минж” ХХК-ийн захирал Б.Анхболд, “Монос” ХХК захирал Л.Хүрэлбаатар нар оролцов.


Уулзалтаар ОХУ-ын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг экспортлох, тавигдах шаардлагын талаар эрх зүйн мэдээлэл авнаас гадна цаашид үйл ажиллагаагаа хэрхэн тэлэх өөрийн төлөөлөгчийн газар, салбар компани болон бие даасан аж ахуйн нэгж байгуулахад татвар, виз болон ажиллах хүчний хязгаарын талаарх асуудлыг хэлэлцэв. Оролцогчид цахим уулзалтыг үр дүнтэй болж, сонирхсон асуултад тодорхой хариулт авсандаа талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ