“Pfizer”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн сувилагчаас халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-30 18:21:17

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсад нэгэн сувилагч “Pfizer”-ийн вакцины эхний тунг хийлгэснээс хойш долоо хоног гаруйн дараа “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.


Сувилагч Мэттью У. хоёр өөр эмнэлэгт ажилладаг бөгөөд энэ сарын 18-нд “Pfizer”-ийн вакцин хийлгэснээ “Facebook” хуудсандаа нийтэлжээ. Вакцин хийлгэсний дараа гар нь хөндүүрлэснээс өөр зовуурь түүнд илрээгүй байна.


Түүнээс хойш зургаан өдрийн дараа буюу зул сарын баярын өмнөх өдөр сувилагчид халдварын шинж тэмдгүүд илэрчээ. Тэрбээр урьд өдөр нь “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн тасагт жижүүрлэсэн байжээ.


Мэттью У. энэ сарын 26-нд эмнэлэгт очиж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Харин энэхүү тохиолдол нь гэнэтийн зүйл биш болохыг Сан-Диего хотын Гэр бүлийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Кристиан Рамерс мэдээлжээ.


“Эмнэлзүйн туршилтын дүнгээс үзэхэд, вакцин хийлгэснээс хойш дархлаа тогтоход 10-14 хоногийн хугацаа шаардлагатай. Мөн эхний тунг хийлгэснээр 50 орчим хувь, хоёр дахь тунг хийлгэснээр 95 хүртэлх хувийн хамгаалалт үүснэ” гэж тэрбээр тайлбарласан байна. 

Холбоотой мэдээ