Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улс 61 орноос 60-д оров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-06-02 10:40:59

ХОНКОНГ. /TASS/. Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай орнуудын жагсаалтад АНУ тэргүүлэх байр сууриа Хонконгт алджээ. Үүнийг Швейцарь улсад байрладаг  Удирдлагын хөгжлийн олон улсын хүрээлэнгийн /IMD/ бэлтгэсэн шинэ тайлан мэдээ харууллаа.

“Хонконг нь банк, санхүүгийн тэргүүлэх төв болж, хөрөнгийн хөдөлгөөнд хязгаар тавилгүйгээр бага хэмжээний татвар ногдуулах замаар шинэчлэлийг дэмждэг. Үүний зэрэгцээ Хонконг нь эдийн засгийн шинэ хүчирхэг гүрэн болох Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын үүд хаалга болж, мөн бизнес эрхлэгчдэд дэлхийн хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж олгож байна” гэж “IMD”-гийн өрсөлдөх чадварын асуудал хариуцсан Олон улсын төвийн захирал, профессор Артуро Брис онцлон дурджээ.

Дээрх жагсаалтад Хонконг 2012 онд тэргүүлж байсан боловч сүүлийн гурван жил АНУ-д тэргүүлэх байр сууриа алдсан юм. Энэ жилийн хувьд АНУ жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бол хоёрдугаарт Швейцарь улс орсон байна. Жагсаалтын эхний 10-т Сингапур, Швед, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги болон Канад улс багтжээ.

ОХУ-ын хувьд нэг байраар дээшлэн 44 дүгээрт бичигдсэн байна. Харин Хятад улс гурван байраар доошилж 25 дугаарт оржээ. 61 улс орныг багтаасан уг жагсаалтын сүүлд Венесуэл бичигдсэн бол тус улсын өмнө Монгол болон Украин улс орсон байна.

Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай орнуудын жагсаалтыг гаргахдаа эдийн засгийн үзүүлэлт, засгийн газрын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, бизнесийн үр ашигтай байдал, дэд бүтцийн байдал гэсэн дөрвөн бүлэгт хуваасан 340 шалгуураар үнэлжээ.  

"IMD"-гийн мэргэжилтнүүд тайлан мэдээг бэлтгэхдээ статистикийн мэдээлэл болон дэлхийн 5400 компанийн удирдлагуудын дунд явуулсан санал асуулгын дүнг харгалзан үзсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ