Сумд малын тоо толгойд 200-800 төгрөгийн татвар ногдуулж эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-21 15:32:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн сарын 13-ны өдөр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын толгойд албан татвар ногдуулахаар хуульчилсан.

Тус хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд албан татвар төлөгч байх бөгөөд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

Мөн албан татварын хэмжээг сумын ИТХ малын төрөл бүрээр тогтооно.

Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан сумд албан татварын хэмжээг тогтоож байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Буянт сум малын тоо толгойн албан татварыг бог малд 400 төгрөг, бод малд 800 төгрөг, Ногооннуур сум бог малд 300, бод малд 500, Алтай сум хонинд 200, ямаанд 300, бод малд 500 төгрөгийн татвар ногдуулахаар тус тус шийдвэрлээд байна. 

Холбоотой мэдээ