"Манай гэр бүлийн шинэ жил" цахим наадам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-21 12:35:27

Төв /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас уриалж буй “Цахим орчинд соёл түгээе” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн хэмжээнд  "Манай гэр бүлийн шинэ жил" цахим наадам анх удаа зохион байгуулж байна.

Тус наадмын зорилго нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжиж айл өрх, гэр бүлүүдэд халуун дулаан эерэг уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн бүтээлч сэтгэлгээ,

ур чадвар, авьяас билгийг дэмжих мөн уламжлалт ёс заншил, соёлын өвийг сурталчлан таниулах, хүүхэд багачуудад хэзээ ч мартагдашгүй гэрэл гэгээтэй дурсамж бүтээх аж.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Зуунмод сумын соёлын төв, “Төв” телевиз ажиллаж байгаа бол наадмын дэмжигчээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын ажлын алба хамтран ажиллаж байна. Мөн гэр бүлийн гишүүд хамтдаа шинэ жилийн холбогдолтой дуу, шүлэг, бүжиг, хөгжим, жүжигчилсэн үзүүлбэр зэрэг ямар ч сэдвээр оролцох боломжтой.

Тавигдах шаардлага:

1. Бичлэгийн хугацаа 2-4 минут /Гэр бүлээрээ үзүүлэх/

2. Гар утсаар хийсэн бичлэг чанарын шаардлага хангахуйц байна. Телевизийн формат буюу хөндлөнгөөр бичсэн байна. /HD 720х1080 болон түүнээс дээш өргөтгөлтэй байх/

3. Бичлэгийг Зуунмод сумын Соёлын төв, Төв телевиз гэсэн фэйсбүүк хуудас эсвэл tuvteleviz@gmail.com хаяг руу илгээнэ. Бичлэгийг илгээхдээ гэр бүлийн мэдээллийг заавал ирүүлнэ. /Нэр болон холбоо барих утасны дугаар гэх мэт/

-Шалгаруулах журам:                

Цахим фестивалийг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Уралдаанд ирсэн бичлэгийг ирсэн даруйд Зуунмод сумын Соёлын төв болон Төв телевизийн фэйсбүүк хуудсанд байршуулна.

Наадмын зохион байгуулагчдаас уралдаанд оролцож байгаа гэр бүлүүд үзүүлбэрийн эхэнд эсвэл төгсгөлд цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлэх ёстойг анхаарууллаа.

  

Холбоотой мэдээ