Мал тооллогын ажилд 900 гаруй хүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2020 оны мал, тэжээвэр амьтдын улсын тооллогыг 12 дугаар сарын 15-25-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон бусад холбогдох ажилтнуудыг оролцуулсан “цахим хурал”-ыг энэ сарын 15-нд зохион байгуулжээ.
Энэ үеэр Монгол Улсын
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Статистикийн
тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2020 оны 208, 209 дугаар
тогтоолыг үндэслэн сумдад “Мал тооллого” зохион байгуулах талаар арга зүйн
мэдлэг, үүрэг чиглэл өгөв.
Тус ажлыг аймгийн Засаг
даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг зохион байгуулна. Тус ажилд
17 сумын 91 багийн холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 900 гаруй хүн оролцох
юм. Ингэхдээ коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж, дэглэмийг чанд
баримтлан ажиллахаар шийдвэрлэлээ.
Ховдын нутаг дэвсгэрт
байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж тооллогод хамрагдана. Үүний дагуу малчин
өрхийн байршил, маршрут бүхий зураглал гаргажээ. Уг зураглалын дагуу мал,
амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэх аж.
2019 оны мал тооллогын дүнгээр Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг
дэвсгэрт 3 сая 84 мянга 330 тоо толгой мал бүртгэгдэж байсан.