Гашуунсухайтад жолооч нарыг шинжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-15 16:10:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсаас Замын-Үүд дэх ачаа тээврийн жолооч нарыг БНХАУ-ын хил гарган "COVID-19"-ийн шинжилгээ өгүүлж байгаа бол Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх цэгт нүүрс тээврийн жолооч нарыг газар дээр нь шинжилгээнд хамруулж байна. 

“Гашуун Сухайт авто зам” ХХК-иас мэдээлснээр тус компанийн шалган нэвтрүүлэх 3 дугаар цэгт Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас Гашуун сухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээврийн жолооч нараас PСR-ын шинжилгээ авч эхэллээ. Энэ сарын 5-ны байдлаар 6569 тээврийн жолоочийг хамруулж, шинжилгээний сорьцыг явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд сөрөг хариу гараад байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссоос “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлж байна. Түүнчлэн орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн 14 хоног тусгаарлалгүйгээр буцаах ажлыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.

Одоо Гашуунсухайтад уртын буюу холын тээвэрт гарах нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулах аж. Одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 7000 гаруй нүүрс тээврийн жолооч  тээвэрлэлт хийж байгаа тоо бий. 


Жолооч нараас шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх цэг-3 дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ачаатай талд тээврийн хэрэгсэл нэвтрэхэд удааширснаар 30-40 км орчим урт дараалал бий болоод байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, гэрээт Цагдаагийн хэлтэс, "Гашуун Сухайт авто зам" ХХК-иас жолооч нарыг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ачилтын талбайд ачилтанд  орох жолооч нараас шинжилгээ авах хоёр баг ажиллаж, ачаатай талыг шууд нэвтрүүлж хоосон талаас шинжилгээ авахаар зохицуулан ажиллаж байна.

Жолооч нараас шинжилгээ авч байгаа шалган нэвтрүүлэх цэгийн байранд "Гашуун Сухайт автозам" ХХК-ийн ХАБЭА-н албанаас халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд баримтлан ариутгал цэвэрлэгээг тогтмол хийн ажиллаж байна.


Өнгөрөгч 7 хоногт “Гашуун Сухайтын шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгээр гэрээт нүүрс тээврийн 7122, төлбөртэй нүүрс тээврийн 464, нийт 7586 тээврийн хэрэгсэл, шалган нэвтрүүлэх 4 дүгээр цэгээр ачаатай 760 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Дээрх хугацаанд урсгал сөрсөн, хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн 6 осол гарчээ. 


Холбоотой мэдээ