14-25 насны хүүхэд, залууст энтрепренершип боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-15 14:59:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Уянга, Сант, Гучин-Ус, Богд суманд хэрэгжиж байна.

Уг төслөөр ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр таван аймгийн 14-25 насны хүүхэд, залууст ажил хөдөлмөрийн суурь ур чадварууд, энтрепренершип боловсрол эзэмшүүлэх замаар тэднийг орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхийг зорьж байгаа аж. Энтрепренершип гэдэг нь асуудлыг олж хараад ажил хэрэг болгох хүртэлх бүхий л саад бэрхшээлийг даван туулж, хөдөлмөрлөж амжилтад хүртэл удирдан явах үйл явцыг хэлэх бөгөөд дээрх төсөл хэрэгжсэнээр орон нутгийн хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай залуу боловсон хүчин болгон бэлтгэх юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард Японы Хүүхдийг ивээх сангийн Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтнууд, Төслийн аймгийн зөвлөлийн гишүүдтэй хамтран дээрх сумдын 739 хүнтэй биечлэн уулзаж төслийг танилцуулсан байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийг ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, Насан туршийн боловсролын нэгжийн багш нараас энэ сард багтаан сонгон шалгаруулна.

Холбоотой мэдээ