Халаалтын зууханд хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-14 18:08:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дулаан хангамжийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, айл өрхүүдийг тасралтгүй дулаанаар хангах, дулаан хангамжийг доголдуулахгүй байх чиглэл өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас дулааны төлбөрийг 2021 оны долдугаар сарын нэгэн хүртэл тэглэсэнтэй холбогдуулан дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг “Дундговь Ус” ОНӨҮГ, “Ган илч” ХХК, “Тэвшийн говь” ХХК-ийн төлөөлөлтэй уулзан дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, санал бодлоо солилцжээ.

Уулзалтын үеэр дээрх байгууллагуудын зүгээс айл өрхүүд дулааны шугамаас хэрэглээний ус их хэмжээгээр авснаас үүдэн усны алдагдал гардаг ба дулаан алдалт их байдаг талаар онцлон, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан аж.

Дулаан хангамжийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор аймгийн Онцгой комиссоос Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг томилон хариуцлагатай жижүүр ажиллуулах, Сайнцагаан сумын Онцгой комиссоос сумын Засаг дарга С.Бат-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг гарган халаалтын зуух болон дулааны худгуудад хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх үүрэг чиглэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ