Мадурогийн хүү “Sputnik V” вакциныг хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-13 12:51:02

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хүү Николас Мадуро Герра тус улсад Оросын “Sputnik V” вакциныг хийлгэсэн анхны хүн боллоо гэж “Venezolana de Televisión” телевиз мэдээлжээ.


“Венесуэл Орос улсад, тус улсын анагаах ухаан, шинжлэх ухаанд итгэдэг гэдгийг би дэлхий нийтэд хэлэхийг хүсэж байна” гэж өдгөө 30 настай Герра өөрийн цахим хуудсанд мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь Венесуэлийн парламентын гишүүнээр сонгогджээ.


Герра мөн Венесуэлийн ард түмэнд өгөөмөр ханддагт Оросын эрх баригчдад талархал илэрхийлээд, улс орныхоо бүх залуусын нэгэн адил Орос улсад гүнээ хүндэтгэлтэй ханддаг гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.


“Venezolana de Televisión” телевизээр мэдээлснээр, бага Мадуро Оросын вакцины хоёр дахь тунг 20 хоногийн дараа хийлгэх бөгөөд түүний биеийн байдлыг ОХУ-ын ЭМЯ-ны дэргэдэх Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд зургаан сарын турш хянах аж.


Холбоотой мэдээ