Мэргэжлийн байгууллагууд ойн цэвэрлэгээний ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-12 13:04:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн мэдээллийн дагуу мэргэжлийн баг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хуандайн ам”-нд хийж буй ойн цэвэрлэгээний ажилтай танилцав.


Мэргэжлийн багт ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ХААИС-ийн Агро экологийн сургууль, БОАЖЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасаг, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн төлөөлөл багтжээ.


Тэд нутгийн иргэдэд ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж ургах чадваргүй болсон моддыг залуу модноос ялгаж, таних, эдгээр модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэх нь иргэдийн түлээний хэрэгцээг хангахаас гадна ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.


“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОАЖ-ын сайд өнгөрсөн онд “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” тушаал гаргасан. Мөн НИТХ-ын тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээ хийж, 9100 шоо метр мод бэлтгэх юм.


Нийслэлийн ногоон бүсийн 4644 га нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн, үүнээс 3174 га нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Энэ жил ойн цэвэрлэгээ 12 дугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.


Манай улс жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэдгийн 75,3 хувь нь түлээний, 24,7 хувь нь хэрэглээний мод. 

 

 

Холбоотой мэдээ