Олимпын элч төлөөлөгч aтташе нар МҮОХ-той хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-12 09:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Олимпын элч, атташе-гээр томилогдсон гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын дипломатууд, хилийн чанад дахь монголчуудын олон нийтийн байгууллагын төлөөлөгч спортын зүтгэлтнүүдтэй анх удаа цахим уулзалт зохион байгуулав.


МҮОХ-ноос ойрын үед тус хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж  буй цуврал үйл ажиллагаа, "Олимпын шинэ эрин" цогц төслийн талаар  танилцуулж, "Olympic Ambassador" , "Olympic Attache" өргөмжлөл хүртсэн  эрхэм төлөөлөгчидтэй  хамтран ажиллах чиглэлийн талаар халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус уулзалтад: Д.Батжаргал /Япон/, Г.Баттунгалаг /Австри, З.Батбаяр /Унгар/, Л.Пүрэвсүрэн /Швейцарь/ нарын дөрвөн Элчин сайд биечлэн оролцож , спорт-олимпизмийн салбарт МҮОХ-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.


Мөн Монгол улсын "Соёлын элч", Казахстаны ҮОХ-ны хэлтсийн орлогч эрхлэгч Х.Болат , Чех, Швейцарь, Австри, Японы  ЭСЯ-ны ажилтан Б.Пагва, Б.Эрхэс , Э.Батмөнх , О.Цэдэвсүрэн , Хятадын самбо бөхийн холбооны төлөөлөгч Өргөнсэнгээ , АНУ дахь "Таван цагариг-USA" сонины эрхлэгч, олимпын сурвалжлагч Ц.Энхтүвшин, БНСУ дахь  спортын төлөөлөгч Г.Нямцогт, Хилийн чанад дахь  монголчуудын холбооны тэргүүн Н .Номун-Эрдэнэ /Швед/, спортын асуудал эрхэлсэн  тэргүүлэгч  Д.Амарбаясгалан /ОХУ/  нар санал бодлоо солилцсон юм.


Цахим уулзалтад оролцогсод, Монголын спортын салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах түнш эрэлхийлэх , заал танхимын тоо чанарыг нэмэгдүүлэх,  сургалт дасгалжуулалт, легионер тамирчид, Олимпын хороодын хамтын ажиллагааны гэрээ, удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагчдын туршлага солилцох, дээд хэмжээний харилцан айлчлал хийх, спортын солилцоо хийх ажилд зуучилж, дэмжин туслах юм.


Мөн гадаадаас өндөр зэрэглэлийн мэргэжилтнийг урих, өвлийн спортын төрлийн хөгжилд түлхүү анхаарах, хэрэглэл материалын хангамжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортод өргөнөөр татан оролцуулах, Токио-2020 наадмын үеэр эх орноо сурталчилах "Mongolian House" анх удаа нээх, олимпийн өмнөх хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах  зэрэг олон тулгамдсан асуудлаар нухацтай ярилцаж, талууд хэрэгжүүлэхийн төлөө хамтран хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.


Ташрамд дурдахад,"Токио-2020" элч төлөөлөгчөөр Мехико-1968 олимпын наадмын чөлөөт бөхийн анхны мөнгөн медальт Ж.Мөнхбатын хүү, мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажарал томилогдсон билээ.

Холбоотой мэдээ