Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-08 13:27:56

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 7-14-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс тодрууллаа.  

Энэ сарын 10, 11-нд зарим газраар цас орно. Салхи энэ сарын 9, 10, 11-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с байна.

Агаарын температурын хувьд хугацааны эхээр уулархаг нутаг, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Улмаар энэ сарын 11-ний өдрөөс хүйтний эрч чангарч уулархаг болон Цэцэг сумын нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 20-25 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Одоогоор Ховд аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлсэн байна. 

Харин Ховд голын мөсний зузаан 15 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см болжээ. Мөн Долооннуур голын мөсний зузаан 30 см, Харс нуурын мөсний зузаан 35 см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон аж. 

Буянт, Булган, Чоно-Харайх, Төгрөг голд мөсөн зах, өтгөн зайртай байна. Хэдийгээр гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй.

Иймээс тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТ‑өөс онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ