Үүлэнд 7 удаа зориудаар нөлөөлөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-31 00:10:24

Өвөрхангай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас 4, 5 дугаар саруудад хур тунадас оруулах зорилгоор үүлэнд 14 удаа нөлөөлөөд байна.

Үүл бүрэлдэх нөхцөл байдлаас шалтгаалан 4 сарын 24-нд уг ажиллагаа эхэлсэн бөгөөд хоёр экспедицээр зэрэг 7 удаа гарч, 14 пуужингаар харвалт үйлджээ.  Үүний үр дүнд Өвөрхангай аймгийн нийт нутаг 0,9-3,0 мм хур тунадастай байгаа ба дулаарвал ногоо ургах нөхцөл боломж сайн байгаа юм. Харин Хужирт, Хархорин, Бат-Өлзий зэрэг сумдад уг үйл ажиллагаа явагдаагүй, харин говийн сумдад хур тунадас оруулах зорилгоор үүлэнд нөлөөлжээ.

1 мм хур тунадас гэдэг нь 1 га-д 10 тонн ус буусныг илтгэх үзүүлэлт бөгөөд  30 км-ийн радиустай талбайд 10 мм хур тунадас оруулсан гэж үзвэл уг талбайд 180 мянган цистерн усжуулалт хийлээ гэсэн үг болохыг тус албаныхан тайлбарлаж байлаа.

Мөн үүлэнд зориудаар нөлөөлөхийг ард иргэд тэнгэр рүү буудлаа гэж таагүй хүлээж авдаг. Харин үүлэнд зориудаар нөлөөлснөөс байгальд үүсэх сөрөг нөлөө гэж байхгүй. Учир нь энэ бол байгалийн жамаараа орж чадахгүй байгаа хур тунадасыг газарт буух нөхцөл бүрдүүлж байгаа маш энгийн ажиллагаа юм гэдгийг ч хэлж байв.

Үүлэнд зориудаар нөлөөлөхөд харвалтын нэг пуужин 200 мянгаас дээш  үнэтэй байдаг ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ