Модны захын үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-06 19:38:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Түлшний модны үнийг нэмж иргэдэд чирэгдэл учруулж байна гэсэн гомдлын дагуу Баян-Өндөр сумын ЗДТГ, МХГ, ШӨХТГ, БОАЖГ, “Экологийн цагдаа”, Цагдаагийн газрын хамтарсан баг “Буянтхангай”, “Бугат” модны захад шалгалт хийж битүүмжиллээ.

Дээрх модны захууд нь анх гэрээ хийхдээ нэг машин /портер/ модыг 250.000-260.000 төгрөгөөр худалдах байсан ч өнөөдрийн байдлаар 480.000-500.000 төгрөгөөр зарж байжээ.

Мөн “Буянтхангай” модны зах Булган аймгаас нийлүүлж буй мод /нэг машин мод/ -ыг хувааж гурван машин болгож иргэдэд худалдсан асуудал гарсан байна. Иймд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн, түлээний захын стандарт шаардлага хангаагүй, эрэлт ихтэй үеийг далимдуулж иргэдийг хохироосон зэрэг олон зөрчил гаргасан тул дээрх байгууллагуудад шалгалт хийж үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Хүйтний эрч чангарч, хөл хорио тогтоосон энэ үед иргэдэд түлшний модны хэрэгцээ нэн их байгаа. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ, Шуурхай штабаас яаралтай арга хэмжээ авч байна.

Ташрамд дурдахад, түлээний мод, нүүрсийг нийт 18 аж ахуйн нэгжийн 56 автомашин, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр өрх, гэрүүдэд түгээлтээр хүргэж байна. Нийт 115 иргэнээс захиалга ирж 62 шоо.м түлээний мод, 105 тонн нүүрсийг түгээгээд байна. Түгээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж байна.

 

Холбоотой мэдээ