Ө. Мөнх-Амгалан: Нийслэл рүү иргэдийнхээ идшийг хүргэж, эргэхдээ 10 тн тэжээл ачиж ирнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сум Улаанбаатар хотод амьдардаг сумынхаа иргэдийн идэш хоолыг хүргэн өгч, эргэхдээ малын тэжээл тээвэрлэн ирэх ажлыг зохион байгуулж байна.
Жил бүр иргэд 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр өвлийнхөө идэш хоолыг бэлтгэдэг.
Харин энэ жил улс орон даяар онцгой нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатар хотын иргэдийн хувьд хөдөө явж идшээ бэлтгэн нөөцлөх боломж байхгүй байгаа.
Мөн сумын өвс, тэжээлийн нөөцөд 10тн тэжээл бэлтгэх зорилгоор тус сум "Алтан тариа" ХХК-тай хэлцэл хийсэн ажээ.
Нэг талдаа 37 өрхийн долоон тонн махыг Улаанбаатарт хүргэн өгч, эргэхдээ 10 тн тэжээл ачиж ирнэ гэдгээ сумын Засаг дарга Ө. Мөнх-Амгалан мэдээлсэн.
Ийнхүү тус сум иргэд рүүгээ чиглэсэн хоёр талт үйл ажиллагааг нэг явалтаар шийдэж байгаа ба мах ачсан тээврийн хэрэгсэл өнөөдөр Улаанбаатар руу хөдлөх ажээ.