Ирэх онд 12 мянга орчим га газарт шинээр төлөвлөлт хийнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-04 12:52:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдааныг энэ сарын 03-нд Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахим хэлбэрээр зохион байгуулав.

Энэ үеэр “Аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа. 

Үүнд, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх зэрэг хэд хэдэн төрөл, зориулалтаар тодорхой байршил дахь, зохих хэмжээ бүхий нийт 12 мянга орчим га газарт шинээр төлөвлөлт хийх, эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. 

Хуралдааны үеэр аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөгөөр батлагдсан газруудыг нийтэд сурталчилж, хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг салбарын холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн тус хуралдааны хүрээнд 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2021 оны төсвийн төслийн тухай илтгэл хэлэлцэв. 

Мөн 2021 оны төсвийн төсөл болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай хэлэлцлээ.

Улмаар аймгийн ИТХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг сонсож, төлөөлөгчдөөс гаргасан зөрүүтэй асуудал дээр санал хураалт явуулж тогтоолын төсөлд тусган 2021 оны төсвийг баталлаа.

2021 оны төсөв нь коронавирусний халдварын тархалтыг даван туулахад чиглэсэн. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эм, эмнэлгийн хэрэгсэл болон шаардлагатай тохиолдолд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулахаар ангилал тус бүрээр тооцоолсон аж. 

Холбоотой мэдээ