Испани зул сарын баяраар хорио цээрийн дэглэмийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-03 15:52:02

МАДРИД. /Reuters/. Испанийн эрх баригчид коронавируст халдвар тархахаас урьдчилсан сэргийлэх үүднээс шинэ жил, зул сарын баярын үеэр иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлахаар шийджээ.


Дээрх шийдвэрийг бүс нутгуудын захиргаатай зөвшилцсөний эцэст гаргасан байна. Испанийн бүс нутгуудын эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг бие даан тогтоох эрхтэй юм. Эрх баригчдын шийдвэрийн дагуу испаничууд 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хооронд гэр бүлийн айлчлалаас бусад тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчих хориотой. Үүний зэрэгцээ гэр бүлийн баяр тэмдэглэхээр цугларах хүмүүсийн тоог 10 болгосон байна. Өмнө нь хэд хэдэн бүс нутгийг эс тооцвол хамгийн ихдээ 6 хүн цуглахыг зөвшөөрч байжээ.


Испани “COVID-19”-ийн халдварын тохиолдол 1 сая давсан ЕХ-ны анхны улс болсон билээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нийт 1.6 сая гаруй хүн халдвар авсан байна.


Холбоотой мэдээ