Гурван аймгийн 50 суманд 92 байгууламж барих төсөл амжилттай хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-03 08:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 50 суманд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төвийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нийт 92 байгууламжийг барьж, хүн амыг аюулгүй ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах боломж бүрдлээ


БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019-2021 онд дээр дурдсан аймагт “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг 4,500,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр 2019 онд 3 талт хэлэлцээрийн протоколыг Сангийн яам, Эрүүл мэндийн яам, КОЙКА-тай хамтран баталсан юм.


Уг төслийн зөвлөх хорооны даргаар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, дэд даргаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон гишүүдэд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сангийн уг төслийн ажлын алба болон тус аймгуудын Засаг даргын тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцон лхагва гарагт цахимаар хуралджээ.



Төслийн хүрээнд 2020 онд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 50 суманд, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төвийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нийт 92 байгууламжийг засварлах, шинээр барьж байгуулахад дэмжлэг үзүүлснээр хүн амыг аюулгүй ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах  юм байна. 


Мөн 10 сумын хүн амын ундны усны эх үүсвэрийг сайжруулахад зориулан 11 гүний худаг шинээр гаргаж, ундны усны худаг, ус түгээх байруудад ухаалаг төхөөрөмж суурилуулснаар 24 цагийн ажиллагаатай болжээ. Нийтдээ 8 сумын төвд эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн халуун усанд орох газрыг шинээр барьж ашиглалтад оруулснаар халуун усны хангамж, эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангасан аюулгүй орчин бүрдээд байгаа юм. Уг төслийн үр шимийг  энэ аймгуудын 120 мянга гаруй хүн ам хүртээд байгаа нь аймгийн зорилтод хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангалаа хэмээн үзэж байна.



Өнөөдрийн хуралдаанаар “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон 2021 оны төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, ололттой тал, сайн туршлагыг бусад аймагт өргөжүүлэх, хүндрэл, бэрхшээлийг даван туулахад төслөөс дэмжлэг үзүүлэхэд анхаарах, ирэх жилийн төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай хийх, гүйцэтгэлд хариуцлагатай ажиллах талаар чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ