Нүүрс тээвэрлэдэг 4500 гаруй жолоочийн шинжилгээний хариу “сөрөг” гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-01 13:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангахыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, МХГ болон Хилийн Гашуунсухайт боомт зохион байгуулж байна.


Одоогоор нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулахад коронавирусний халдвар илрээгүй, шинжилгээний хариу бүгд “сөрөг” гарчээ.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар уртын тээвэрт өдөрт 1200-1500 машин хөдөлгөөнд оролцож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1470 нүүрс тээврийн машин Гашуунсухайт боомтоор хил нэвтэрчээ.


Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч, гэрээт цагдаагийн бүрэлдэхүүн нүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавьж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.  

Холбоотой мэдээ