ХӨСҮТ-ийн тархвар судлаачдын багийн дүгнэлтийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-27 13:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улс дотооддоо “COVID-19” халдвар гарсан үеийн нөхцөл байдал, цаашдын хэтийн төлвийн талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаачдын багийн дүгнэлтийг танилцуулсан юм.


ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн: “Монгол Улсад дотоодоо анхны халдварын тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод илэрснээс хойших төлөв байдлыг графикаар дүрслэн харуулж байна. Тухайлбал, “COVID-19” халдвар 11 дүгээр сарын 3-10-нд зөвхөн зөөвөрлөгдсөн болон эмнэлгээс шалтгаалсан буюу Энхсаран сувиллаас голомттой халдвар гарсан. 11 дүгээр сарын 11-нээс эхэлж төмөр зам дагасан аймгуудаас халдвар илэрч, улмаар халдварын шинэ тохиолдол 19, 20-нд хамгийн өндөр түвшинд хүрч аажмаар буурч байгаа тойм хандлага харагдаж байна.


Энэ нь дотоодын анхны халдвар бүртгэгдсэний маргааш өглөөнөөс эхлэн Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч бүрэн хорио цээрийн дэглэм тогтоосны үр дүн байж магадгүй. Гэхдээ дотоодын халдвар эхлээд ердөө 2-хон долоо хонож байгаа учраас ийм дүгнэлт хийхэд учир дутагдалтай, арай эрт байна. Тархвар судлаачдын хувьд, бид цаашдаа судалгааг өдөр тутам, цаг тутам шинэчлэн дүн шинжилгээ хийж, голомт тус бүрт ажиглалт, судалгаа явуулж, хаана хүчээ төвлөрүүлэх, хүний нөөц шаардлагатай байгааг тандаж ажиллана.



Дараах графикт голомт тус бүрт ямар байгааг тандсан судалгаа юм. Эндээс харахад Сэлэнгэ аймагт нэлээд өргөн хүрээнд голомтолсон халдвар гарч, анх тохиолдол 11 дүгээр сарын 12-нд гараад 22-нд хамгийн өндөр болж голомт халдвар тээгч илэрсэн байж болохыг харуулж байна. Монгол Улсад халдвар бүртгэгдсэн тохиолдлуудаас судлахад нууц үеийн хугацаа 5-7 хоног гэж гарсан байгаа. Дэлхий нийтэд 95-97 хувь нь 2-14 хоногт нууц үе байдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр манайд өнөөдөр дөнгөж нууц үеийн эхний үедээ явж байгаа юм. Халдварын анхдагчаас хоёрдогч, гуравдагч болон дам хавьтагчийн халдвар илрэх цаг хугацаа болоогүй учраас тийм гэж хэлэх боломжгүй байна. Иймд одоогоор халдварын нөхцөл байдал болон хорио цээрийн үр дүнгийн талаар дүгнэлт гаргахад хараахан эрт байна.


Дэлхийн улс орнуудад “COVID-19” халдвартай хийсэн арга хэмжээнүүдийг харьцуулан үзэхэд нэгдсэн нэг баг болж ажиллаж хилээ хааж, хорио цээрийг тогтоож, тусгаарлалт, хавьтал илрүүлэлт хийсэн нь уг халдварыг хумиж чаджээ. Харин иргэн хүнээс маск зүүх, зай барих, гэртээ агааржуулалт хийх нь хамгаас чухал байна” гэлээ. 

Холбоотой мэдээ