Энэ онд 1783 өрх 232.1 сая төгрөгөөр малаа даатгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-27 17:23:38

Архангай /МОНЦАМЭ/. Малчид байгалийн болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор мал сүргээ даатгалд хамруулж,  даатгалын компаниудтай хамтран энэ онд 1783 өрх 232.1 сая төгрөгөөр малаа даатгуулсан байна. Өнгөрсөн оны малын эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 1252 өрхөд 186.9 сая төгрөгийн нөхөн олговорыг олгожээ.

Мөн малчид мал сүрэгтээ үзлэг ангилалт заазлалт хийж, зах зээлд нийт 113.5 мянган толгой малыг амьдаар нь, 406.5 тн мах махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэйгээр худалдан борлуулсан байна.

Бэлчээрийн даац ачааллыг бууруулах, малын тоо толгойг цөөрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын цахим бүртгэлийн систем, мөшгөх тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг технологийн болон мал эмнэлгийн хувийн аж ахуй нэгжүүдэд тоног төхөөрөмж олгож, Жаргалант, Цахир, Хангай, Чулуут, Булган сумаас 12.5 мянган толгой малыг ээмэглэн бүртгэлжүүлжээ. Мөн мал эмнэлгийн хяналт баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж, үйлдвэрүүдэд нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Холбоотой мэдээ