Францад цар тахлын хоёр дахь давлагаа эхлэхэд тогтоосон зарим хязгаарлалтыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-25 13:41:16

ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснээс хойш аравдугаар сарын 30-нд тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргаснаа мягмар гаргийн орой телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр Францад коронавирусний цар тахлын хоёр дахь давлагааны оргил үе өнгөрсөн болохыг онцлон тэмдэглэсэн байна.


Ирэх бямба гарагт хүнсний бус дэлгүүрүүдийг нээж буй нь хязгаарлалтыг сулруулах арга хэмжээнүүдээс хамгийн чухал нь болох юм. Үүнээс гадна, Францын Ерөнхийлөгчийн хэлснээр, 11 дүгээр сарын 28-наас эхлэн гудамжаар зугаалах, гэрээсээ 20 км-ийн зайд өдөрт гурван цаг дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.


Мөн энэ өдрөөс эхлэн сурагчдад зориулсан сургуулиас гадуур үйл ажиллагааг ил задгай талбайд явуулж болно. Макроны хэлснээр, ном, хөгжим зэрэг дэлгүүрүүдэд эрүүл ахуйн өмнөх шаардлагыг хангасны дагуу 21:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө.


Бямба гарагт мөн бүх сүмийг дахин нээх бөгөөд мөргөл хийх итгэгчдийн тоо 30-аас хэтрэх ёсгүй байна.  


Онцгой дэглэмийг хэвээр үлдээнэ

"Хоёр дахь давлагааны оргил үе өнгөрлөө. Та бидний хүчин чармайлт үр дүнгээ өгсөн" гэж Францын удирдагч онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр халдварын тархалтын нөхцөл байдал хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлах боломжгүй хэвээр байгааг онцолсон байна. Макроны хэлснээр, өдөрт илэрч буй коронавирусний халдварын шинэ тохиолдолд "5000-аас доошилж буурч", " хоёр, гурван мянгаас илүүгүй хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд" хорио цээрийг цуцлах боломжтой байна.  


"Та бүхэн одоохондоо гэртээ үлдэж, ажлаа гэрээсээ хийж, хувийн уулзалт, гэр бүлийн уулзалтаас урьдын адил татгалзах хэрэгтэй байна" гэж Макрон иргэддээ анхааруулжээ.


Одоогийн байдлаар зөвхөн гэрээсээ ажиллах боломжгүй ажил мэргэжилтэй хүмүүс ажилдаа явах, гэр бүлийн яаралтай асуудал гарсан тохиолдолд, эмчид үзүүлэх, 1 км-ийн радиуст нэг цагаас илүүгүй явган явахаар, халамж тэтгэмж авах, шүүхэд хандах зорилгоор гадуур гарахыг зөвшөөрч байгаа юм. Хорио цээрийн журмыг зөрчвөл 135 еврогийн торгууль ногдуулах бөгөөд давтан зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээ нэмэгдэнэ.


Хорио цээрийн дэглэмийг сулруулах дараагийн үе шат 12 дугаар сарын 15-наас эхэлнэ

Халдварын тархалтын байдал цаашид сайжирвал Францын эрх баригчид хорио цээрийн дэглэмийг сулруулах дараагийн үе шатыг 12 дугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв энэхүү таатай хувилбар бүрдвэл энэ өдөр кино театруудыг нээх юм.


Түүнчлэн францчууд бусад бүс нутгаараа аялах боломжтой болно. Гэхдээ тус улсын эрх баригчид Зул сарын баярын өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 24 болон 12-р сарын 31-ний оны сүүлчийн үдшээс бусад өдөр 21:00-07:00 цагийн хооронд хөл хорино.


Нэгдүгээр сарын 20-нд хорио цээрийн хязгаарлалтыг цуцлах гуравдугаар үе шат хэрэгжих хүртэл цанын баазууд хаалттай хэвээр байна. Мөн зоогийн газруудыг нээхгүй бөгөөд эдгээр байгууллагуудад жилийн орлогын 20 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгоно. Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг сэргээх хугацааг зарлаагүй байна.


Түүнчлэн францчууд коронавирусний вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх боломжтой бөгөөд хүн бүр заавал хамрагдах албагүй гэдгийг Макрон мэдээлжээ. Францад энэхүү кампанит ажил 12 дугаар сарын сүүлч нэгдүгээр сарын эхээр өндөр настнуудыг вакцинжуулснаар эхлэх аж.


Францын Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусний халдварын 9155 шинэ тохиолдол илэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш нас барсан тохиолдлын тоо мягмар гарагт 50 мянга давсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 458 хүн нас баржээ. Тус улсад өвчний тархалтын 3724 голомт бүртгэгдсэн байна.


Франц улс халдварын тохиолдлын тоог урьд нь төлөвлөж байснаас хурдан бууруулж чадсан гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн дээд судалгааны сургуулийн тархвар судлал, био статистикийн профессор Паскаль Креп мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар, “хөл хорих цаг тогтоосноор халдварын тархалтын динамик өсөлтийг сааруулж чаджээ”.


"Өөрийгөө тусгаарлах дэглэм зайлшгүй шаардлагатай байсан, энэ нь бидэнд вирусний тархалтыг зохицуулж болохуйц түвшинд хүргэх боломжийг олгож, гурав дахь давлагааны аюулыг улам бууруулсан" гэж Креп хэлсэн байна


Холбоотой мэдээ