Засаг дарга Д.Золжаргал аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.mn
2020-11-24 20:42:24

Архангай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар томилогдоод буй аймгийн Засаг дарга Д.Золжаргал ажлаа хүлээн авч, нэн тэргүүнд Архангай аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.

Тус хуралдаанд аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцож, хуралдаанаар аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний төлөвлөлтийг танилцуулав.Танилцуулгын дараа хэлэлцэх асуудлын хүрээнд холбогдох төлөвлөгөө, журмыг батлан, үүрэг даалгавар өгөв.

Хурлын үеэр Засаг дарга Д.Золжаргал хэлсэн үгэндээ: “Төсөв санхүүжилтийн саналыг хүлээн авлаа. Болж буй нөхцөл байдалд боломж бололцоогоо дайчлан шаарлагатай санхүүжилтийг шийдвэрлэн ажиллана. Гэхдээ ганц санхүүжилтээр зогсохгүй бусад шийдвэрлэх олон асуудал байгаа. Үүнд онцгой анхаарал хандуулж, нэн тэргүүнд шийдвэрлэн, түргэн шуурхай ажиллах хэрэгтэй. Онцгой дэглэм баримталж буй энэ цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллах нь аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох албан байгууллагуудын үүрэг. Иргэд ч мөн адил үүрэг хариуцлагаа ухамсарлан, та бүгдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрийн биеэ золин ажиллаж буй эдгээр онцгой албан хаагчдын хүч хөдөлмөрийг үнэлэн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шаардлага биелүүлэн ажиллаж амьдрахыг уриалж байна. Бид манай аймагт өвчлөл гараагүй гэдэг утгаар хайхрамжгүй хандаж огт болохгүй. Иргэдийн аж амьдралд анхаарч, халамж, тэтгэвэр тэтгэмж цагтаа бууж байна уу, хүнсний талон зорилтот иргэддээ хүрч байгаа эсэх, цаашид ч хугацаа нь тодорхойгүй байгаа хөл хорионы энэ үед эмзэг бүлгийн иргэдийн амьдралын боломжийг судлах, өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд бэлэн байдалд хэрхэн шилжин ажиллах зэрэг томоохон асуудлуудыг холбогдох байгууллагын дарга мэргэжилтнүүд, аймгийн Онцгой комиссын гишүүд анхааралдаа аван ажиллаарай” хэмээв. 

Үргэлжлээд Засаг дарга Д.Золжаргал онцгой комиссын гишүүдэд дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:

-Аймгийн онцгой комиссын гишүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан гишүүнийхээ үүргийг хариуцлагатай гүйцэтгэх, байнгын бэлэн байдалд байж, өөрийн биеэр хуралдаа оролцох

-Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хариуцсан байгууллагууд нь тухайн ажлын хэрэгжилтийг хангаж ажиллах

-Хөл хорионы үед ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, хоол хүнс, тусгаарлах болон эмчлэх байрны бэлэн байдлын тооцоо судалгаа гаргах

-Тусгаарлах байрны бэлтгэл хангах, халдвар хамгааллын дэглэм нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллах

-Хууль бусаар хөл хорионы дэглэм зөрчин орж ирсэн иргэд тусгаарлах байранд орсон тохиолдолд гарсан зардлыг өөрсдөө хариуцах

-Өөрсдийн буруугаас бус дам хавьталд өртөн, тусгаарлагдсан иргэдийн зардлыг ирэх оны төсөвт тусган, шийдвэрлэх зардлыг Шадар сайдын 23 дугаар тушаалд заагдсан жишиг үнээр тогтоох

-Аймгийн засаг даргын нөөц сангаас халдвар хамгаалалтын үед шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

 

Холбоотой мэдээ