Орон нутгийн иргэдээ татан авах бэлтгэл бэлэн байдлыг хангана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-22 18:11:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Орон нутгийн иргэдээ татан авах бэлтгэл бэлэн байдлыг хангах, Улсын онцгой комиссоос орон нутгийн иргэдийг буцаах шийдвэр гаргавал мөн үеэр мөрдөн ажиллах боловсруулсан журам, зохион байгуулалт, Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг гэрийн болон тусгаарлах байранд байлгах нөхцөлийг бүрдүүлэх, хяналтын постуудад асуумж судалгааг журмын дагуу бөглүүлэх
2. Шадар сайдын тушаал ирсэнтэй холбогдуулан орон нутгийн тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслийг QR кодоор бүртгүүлж зорчуулахад хүндрэл чирэгдэл үүсэх эсэхийг судлахаар боллоо.
3. Орон нутгийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөргөхгүй байх чиглэлээр хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.
4. Өчигдөр аймгийн Засаг дарга төв магистрал зам дагуу гарсан Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Багануурын постуудын үйл ажиллагаатай танилцаж явахдаа шинээр байгуулсан Багануурын постод Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хүнсний тээвэр хийж буй жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар оношилж хариу "эерэг" гарсан тохиолдолд эхний ээлжинд автомашинд нь тусгаарлах асуудлыг дэвшүүлсэн. Энэ чиглэлээр шуурхай штаб хэлэлцэж мөрдөн ажиллахаар болов.
5. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэн хуулийн этгээдийн хандивласан бэлэн мөнгө болон эд материалын хандивыг бүртгэж авах, зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахаар “Цар тахлын /Covid-19/ үед аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж, иргэн хуулийн этгээдээс хандивласан хандивын хөрөнгийг хүлээн авах, зарцуулах тайлагнах журам” батлах тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, бүх сум, тосгодод хүргэж, мөрдөн ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ