Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авахаар бэлтгэл хангаж эхэллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-11-22 19:31:43

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авахаар бэлтгэл хангаж эхэллээ. Тодруулбал, Хөлөнбуйр суманд хяналтын пост хүч нэмэгдүүлэн ажиллаж, нийслэл, бусад орон нутгаас ирж буй бүх иргэнийг хянаж Хэрлэн голын урд талын сумд болох Хөлөнбуйр, Булган, Халхгол, Матад сумын зорчигч тээврийг Булган сумаас аймгийн төвөөр оруулахгүйгээр тухайн сумд руу нь шууд зорчуулна. Харин Хэрлэн голын хойд талын Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын зорчигч тээврийг Хөлөнбуйр сумын хойд талын Хэрлэн голын гүүрээр шууд тухайн сумд руу нь зорчуулахаар зохицуулалт хийж байна.

Аймгийн төв болон Гурванзагал, Чойбалсан, Чулуунхороот сумын иргэд, зорчигчдыг Баянтүмэнгийн гүүрний хойд постод дахин хянаж, коронавирусний шинжилгээ нь сөрөг гарсан, өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй тохиолдолд холбогдох журмын дагуу нэвтрүүлнэ гэв. Гэхдээ зөвхөн коронавирусний шинжилгээг нийслэлд өгч, сөрөг гарсан иргэнийг л биеийн халууныг хэмжин, асуумж авч нэвтрүүлэх аж. Хүрэлцэн ирж буй сумдын иргэдийг шууд сумын Эрүүл мэндийн төвд, аймгийн төвийн хувьд Баянтүмэнгийн постод хүлээн авч, дахин хянаж шинжилгээ нь сөрөг гарсан, өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй тохиолдолд холбогдох журмын дагуу гэр гэрт нь 14-21 хоногийн хугацаанд тусгаарлаж, Цагдаагийн болон Эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж ажиллахаар боллоо. Шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах зорилгоор аймгийн төвд 3-9 зочид буудалтай гэрээ хийн бэлтгэл хангаж байна.

Холбоотой мэдээ