“Dostyk-2020” хүмүүнлэгийн аянаар 50 орчим өрхөд хүнсний тусламж үзүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-21 15:49:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Достых” зочид буудлын гүйцэтгэх захирал Б.Аманайн санаачилгаар “Dostyk-2020” хүмүүнлэгийн аяныг энэ долоо хоногт зохион байгууллаа.

Аяны хүрээнд аймгийн төвийн эмзэг бүлгийн 50 орчим өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна.

«Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулан өдөр тумын орлогоороо амьдардаг эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүндрэл учирч байгаа. Тийм учраас хүнд хэцүү үед ард түмэнтэйгээ эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор хүмүүнлэгийн аян өрнүүлэв. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, багийн Засаг дарга нараас судалгаа авч, өөрсдөө бас явж судалгаа хийж айл өрхүүдийг сонгож авлаа. Айл бүрд тал хонины мах, 25 кг гурил, 25 ширхэг амны хаалт, гоймон, буудай, давс, саван, боорцог, хүнсний ногоо гээд өрхийн гишүүдийн тооноос хамааран 200-250 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Төлбөрийн чадваргүй зарим хүмүүст эм авахад зориулж 40-50 мянган төгрөгийн бэлэн мөнгө өглөө» хэмээн зохион байгуулагчид хэллээ.

“Dostyk-2020” хүмүүнлэгийн аянд нийтдээ 10 сая төгрөг зарцуулжээ. Үүнд “Рысжан”, “Моно”, “Азых”, “Назлы” компаниуд, “Достык” зочид буудал, “Glamour Luxury” гоо сайхны салон, “Мирас” эмийн сан, “Бест”, “Negun cashmere”, “Ахтулпар”, “Ернур” зэрэг дэлгүүрүүд болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ