Сайн дураар шинжилгээ өгсөн 17 иргэний шинжилгээ сөрөг гарав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-21 10:57:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Шуурхай штабаас энэ сарын 20-ны 16.00 цагт ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар өгөв.

Бэлэн байдал-оношлуур: Архангай аймгийн хэмжээнд нэн шаардлагатай тохиолдолд хэрэглэх түргэвчилсэн оношлуур эхний ээлжинд 1000 ширхэг байна. Нэгдсэн эмнэлэг дээр сайн дурын шинжилгээнд хамруулах цэг байнга ажиллаж байна.

Тусгаарлах байрны бэлэн байдал: Архангай аймгийн хэмжээнд 17 буудал 5-16 өрөөтэй. Нийт 298 өрөөг 298 хүн тус бүрээр тусгаарлахаар бэлдсэн. 3 сургуулийн дотуур байрыг тусгаарлах байраар бэлдүүлж байна.

Тусгаарлалт: 2020.11.20-ны байдлаар 14 иргэн тусгаарлалтад байна. Сайн дураар түргэвчилсэн оношлуураар оношлуулах иргэд Нэгдсэн эмнэлэгт хандаж болно. Нэгдсэн эмнэлэг 29 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 17 хүний хариу сөрөг гарсан. 12 иргэний хариу гараагүй байна.

Шийдвэрлэсэн нь: Цэцэрлэг хотыг тойрсон 8 постод сүүлийн 24 цагийн байдлаар хүндэтгэх шалтгаантай орсон 173 тээврийн хэрэгсэл 303 иргэн байна. Гарсан 123 тээврийн хэрэгсэл, 204 иргэн байна. Постоор шатахуун, хүнс, түлшний мод, буяны ажилтай иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байна.

Аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлнэ. Хүнсний талоноор хүнсээ базаасан 1000 өрх байна.

Айлд байгаа сурагч болон оюутнуудыг гэрт нь буцаах талаар судалж байна.

Хэв журам: Аймгийн хэмжээнд 42 постод цагдаагийн 42 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Зүүн талын 6 суманд Улаанбаатар, Орхон, Сэлэнгээс ирэх чиглэлд аймгийн Онцгой комиссын шуурхай бүлэг ажиллана. Цэцэрлэг хотыг тойрсон постын тоог 3-аар нэмлээ. Постоор гарч орж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгалаа.

Сэлэнгэ аймаг руу самарт яваад ирсэн Архангайн 6 иргэн зөвшөөрөлгүй постоор нэвтрэхийг завдсаныг шууд тусгаарлалтад авсан. Түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Зөрчил: Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлсэн. 11 автомашинтай 62 иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан нэг иргэнийг илрүүлж 500,000 төгрөгөөр торгосон. Улаанбатараас 2 автомашинтай иргэд нэвтрэхийг завдсаныг постоор оруулалгүй буцаасан. Хуурамчаар бичиг баримт үйлдэж постоор нэвтрэхийг завдсан үйлдэл гарч байна.

Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгаас ирж буй тээврийн хэрэгсэлд онцгойлон хяналт тавьж байна. Сэлэнгэ аймгаас ирсэн Жаргалант сумын 8 иргэн Өлзийт суманд саатуулагдаж, цагдаагийн хамгаалалтайгаар сум руу нь хүргүүлж тусгаарласан.

Хүнсний дэлгүүрүүд архи согтууруулах ундаа нууцаар худалдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчлийг илрүүлсэн. Согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 зөрчил илэрсэн.

Түлшний мод: Цэнхэр, Ихтамир, Булган сумаас өдөр бүр түлшний мод нийлүүлж байна. Түлээ тээвэрлэхдээ кабиндаа нэгээс дээш хүн суулгахгүй халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисан байх шаардлагатай. Түлшинд явах иргэд заавал нэг хоногийн өмнө БОАЖГ-т мэдэгдэх хэрэгтэй. Байгаль хамгаалагчийн зааж өгснөөс өөр газраас түлш бэлтгэхийг хориглоно. Улаанбаатар болон бусад аймаг руу мод нэвтрүүлэхийг хориглоно. Нэг машин модыг 280,000-300,000 төгрөгөөр борлуулна. БОАЖГ-ын утас: 99330002, 99330919, 88038992.

Хөл хорионд: Сэлэнгэ аймагт хөл хорионд орсон Архангайн 70 гаруй иргэн байна. Аймгийн Багшийн сургуулийн дотуур байранд 230 оюутан байна.

Хандив: 2020 оны 1-р сараас хойш аймгийн Онцгой комисст 46,7 сая төгрөгийн хандив цугласан. Хандивыг онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдын үйл ажиллагааны зардал, халдвар хамгааллын хэрэгсэлд зарцуулж байна.

Сэрэмжлүүлэг: Улаанбаатараас хүнс тээвэрлэн ирсэн жолооч нарыг гэртээ 14 хоног ажиглалтад гэрийн дэглэм сахихыг зөвлөж байна. Сумдын Засаг дарга нарт Улаанбаатараас болон өөр бүс нутгаас ирсэн жолооч нарт хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Голомттой бүсээс ирсэн иргэн бүрийг тусгаарлалтад авна. Төлбөрийг тухайн иргэн хариуцах бөгөөд 1 өдрийн төлбөр 50,000 төгрөг.

Холбоотой мэдээ